Судалгааны танилцуулга
- Судалгааны сэдэв
- Монголын бэлчээрийн мал аж ахуйн салбар дахь байгаль, цаг уур, нийгэм-эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй байдалд дасан зохицох чадвар
- Судлаач
- Эрик Трифт
- Удирдах байгууллага
- Канад улсын Манитоба Их Сургуулийн Хүн судлалын тинхим
- Хамтран ажиллах байгууллага
- Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн Яам
- Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны суургууль, Нийгэм-соёлын антропологийн тинхим
- Дэмжих байгууллага
- Канадын Нийгэм, Хүмүүнлэгийн Шинжлэх Ухаан, Судалгааны Улсын Хороо
- Канад улсын Манитоба мужийн засгийн газар
Судалгааны тухайд
Монголын бэлчээрийн мал аж ахуйн нөөц, бүтээгдэхүүн ашиглалтын талаарх энэхүү судалгааг Канад улсын иргэн, Манитоба Их Сургуулийн Хүн судлалын тинхимийн докторант, соёл судлаач Эрик Трифт гүйцэтгэж байна. Эрик Трифт нь 1998 оноос хойш Монголын хүний хөгжлийн салбарт ажиллаж ирсэн юм. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр Соёл Урлагийн Их Сургууль, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, Дэлхийн Банк зэрэг байгууллагатай хамтран ажилласан болно. Судлаач Эрик Трифтийн энэ удаагийн судалгааг нь Канадын Нийгэм, Хүмүүнлэгийн Шинжлэх Ухаан, Судалгааны Улсын Хороо, Канад улсын Манитоба мужийн засгийн газар, Манитоба Их Сургууль дэмжин ажиллаж байгаа болно. Түүний энэхүү хээрийн судалгаа нь 2011 оны 07-р сараас эхлэн нэг жилийн хугацаатай үргэлжилнэ.
Тус судалгаа нь Монголчуудын ашиглаж болох байгалийн болон бэлчээрийн нөөцийг мал маллагааны ажил, хүний өдөр тутмын амьдрал ахуйд ашиглах арга туршлага болон мал аж ахуйн хоёрдогч бүтээгдэхүүн болох мах, ноос, эсгий, арьс шир, цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг олон талт аргаар хэрхэн ашиглаж боловсруулахыг судална. Энэхүү судалгаа нь өөр өөр арга туршлагатай, өөр өөр бүсийн хүмүүс бэлчээрийн нөөц ашиглалтаа нийгэм, эдийн засаг болон экологийн өөрчлөлтөнд хэрхэн зохицуулж, зохион байгуулж байгааг онцгойлон анхаарч судлах болно. Судалгааны гол судлагдахуун нь малчид, тэдгээрийн туршлагыг судлан тодорхойлж улмаар мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулагчид, ченж болон худалдаачид, худалдан авагчид, засаг захиргааны ажилтнууд, олон улсын болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд зэрэг хүмүүсийг оролцуулан ярилцлага авах болно.
Ерөнхийдөө энэхүү судалгаа нь Монголын МАА-н салбарт "дасан зохицох чадвар" гэсэн ойлголт нэвтрүүлэх зорилготой. Энэ нь малчид нийгэм, экологи, эдийн засгийн тогтворгүй хийгээд тодорхойгүй нөхцөлд эрчимжсэн, төвлөрсөн аж ахуйн аргаар биш, харин уян хатан байдлаар дасан зохицож аж төрөх боломж бололцоо, туршлагыг хэлнэ. Дасан зохицох чадварыг хөгжүүлэх нь байгаль цаг уурын өөрчлөлттэй зохицох төдийгүй экосистемийн уян хатан байдлыг хадгалах гол арга мөн гэдгийг олон улсын зарим судлаач, мэргэжилтнүүд дэмжиж байна.
Бэлчээрийн МАА, тэр дундаа Монголчуудын эрхэлдэг нүүдлийн МАА нь олон талаар өөрийн гэсэн өвөрмөц "дасан зохицолгоот" шинжтэй. Тухайлбал Монголын малчид экологийн хувьд байгаль цаг уурын эрс тэс, гэнэтийн байдал (ган, зуд, үер), эдийн засгийн хувьд түүхий эд болон мал аж ахуйн бусад бүтээгдэхүүний үнэ ханшийн тогтворгүй байдал, нийгмийн хувьд зуслан бэлчээрийн өмчлөл, ашиглалтын баталгаагүй нөхцөлд аж төрөхийн тулд ойрын болон холын нүүдэл, отор, туувар хийж, ашиглах бэлчээр, хөдөлмөрийн нэгж зэргийг өөрчлөн зохицуулах, мөн түүнчлэн мал сүргийн төрөл хэмжээ, боловсруулах малын бүтээгдэхүүний төрөлд шинэчлэл хийх, эсвэл нэмэлт аж ахуй эрхлэх зэрэг аргаар маш богино хугацаанд хариу үйлдэл хийж чаддагаараа онцлогтой. Гэвч нөгөөтэйгүүр дээр дурдсан дасан зохицох аргууд нь өнөө үеийн малчдыг байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, МАА-н бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ханшийн огцом хэлбэлзэл зэргээс үүдэн гарах эмзэг, өртөмтгий байдлаас тэр бүр амжилттай хамгаалж чадахгүй байгаа нь тодорхой байна. Мөн уян хатан, байгаль орчинд ээлтэй халгүй гэсэн арга, үйл ажиллагаа нь зарим малчны хувьд дагаж мөрдөхөд боломжгүй эсвэл тохиромжгүй санагдах тал бий.
Монголын өөр өөр амьдрал туршлагатай малчид, бусад этгээдийн өдөр тутмын үйл ажиллагааны туршлагыг нь судалснаар энэхүү судалгаа нь Монголын бэлчээрийн МАА-н салбарт дасан зохицох чадвар болон нийгэм экологийн уян хатан байдлыг төрийн бодлого зохицуулалт эсвэл бусад аргаар хэрхэн бэхжүүлэх талаар санал дүгнэлт нэмэрлэх болно. Энэхүү судалгаанаас гарах дүгнэлтийг тус судалгаанд оролцогчид болон Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн Яам, МУИС, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллага (төрийн, төрийн бус, орон нутгийн), холбогдох мэргэжилтэн, судлаачдын хүртээл болгон танилцуулах болно.
Хээрийн судалгааны явцад малчид, бүтээгдэхүүн боловсруулагчид, наймаачид, худалдан авагчид, засаг захиргааны ажилтнууд, гадаад дотоодын төслийн мэргэжилтнүүд зэрэг хүмүүсийг оролцуулан кино бичлэг хийж, ярилцлага авна. Эдгээр баримт нь тайлбар бүхий цахим архив бүрдүүлэх бөгөөд тус архивыг судалгаанд хамрагдсан хүмүүс, төрийн бодлогыг боловсруулагчид, эрдэмтдэд хүртээл болгосноор бэлчээрийн зохицуулалтын асуудлыг соёл судлалын бодит баримтаар авч үзэн хэлэлцэх боломж бүрдэх юм. Түүнчлэн, тус судалгааны үндсэн дээр Эрик Трифт дасан зохицох чадвар, байгаль орчны захиргааны сэдвээр эрдмийн ажил хийж, шинжлэх ухааны ном бүтээл туурвина.
Зорилт, гарах үр дүн
№ |
Зорилт |
Гарах бүтээл (Үр дүн) |
1. Мэдээлэл цуглуулах |
||
1.1 |
Монголын говь, хангай бүсийн малчдын өдөр тутмын арга туршлагыг тусгасан кино бичлэг бүтээж, угсаатны зүйн архив бүрдүүлэх. |
Нийтдээ 50 орчим хүнийг хамруулсан 200 цагийн угсаатны зүйн кино бичлэг-ярилцлага, тайлбар. |
1.2 |
Малчид болон бусад этгээдтэй уулзаж, байгалийн болон бэлчээрийн мал аж ахуйн нөөц, бүтээгдэхүүний талаарх тодорхой мэдлэг нь тухайн этгээдийн бүхий л талын стратеги болон тактикт шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг асууж, ярилцлага хийх. |
Бэлчээрийн мал аж ахуйн эдийн засаг ба бэлчээр, байгалийн нөөц зохицуулалтын хүрээнд ажилладаг 100 орчим малчин, гадаад дотоодын мэргэжилтэн, засаг захиргааны ажилтан, аж ахуйн нэгжийн удирдагч, эрдэмтдээс авсан ярилцлагын бичлэг. |
2. Задлан шинжилгээ |
||
2.1 |
Бэлчээр, байгалийн нөөц, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг ашиглах Монголын малчдын туршлагыг нийгэм-экологийн тогтолцооны хүчин зүйлстэй хэрхэн уялдаатайг үнэлэх. |
Малчдын өдөр тутмын ахуй амьдралын туршлагыг байгаль, бэлчээр, мэдлэг, нийгэм, соёлын нөөц бололцоонд хүрэх боломжоор нь харьцуулсан судалгаа, дүгнэлт. |
2.2 |
Монголын малчдын өдөр тутмын үйл ажиллагааг нь чиглэсэн шийдвэр болон дадал болсон туршлага (habitus)-ыг судлан тодорхойлох. |
Монголын малчдын туршлагыг тодорхой мэдлэг, стратегит болон тактикт зорилтоор нь тодорхойлсон дүгнэлт. |
3. Хүртээл, хэрэгжүүлэлт |
||
3.1 |
Угсаатны зүйн баримтыг судалгаанд хамрагдсан хүмүүс болон бусад сонирхсон этгээдэд хүртээл болгох. |
Угсаатны зүйн хээрийн бичлэг болон судалгааны бусад баримт бүтээгдэхүүнийг багтаасан цахим архив. Үүнийг интернетээр болон судалгаа хийх газрын номын сангаар дамжуулан (дискээр) нийтийн хүртээл болгох. |
3.2 |
Монголын төр захиргааны бодлогыг боловсруулагчид, эрдэмтэд, бэлчээр ашиглагчдын дунд бодит туршлагыг харьцуулсан аргаар авч үзэх хэлэлцүүлгийн загвар бий болгох. |
Угсаатны зүйн баримтанд суурилсан, бэлчээр нутгийг ашиглах тухай захиргаа, бодлогын асуудлаарх форум. Үүнд судалгаанд хамрагдагчид, гадаадын (Канад) судлаачдын сэтгэгдлийг хамруулан, урьж оруулсан болно. |
3.3 |
Дасан зохицох чадварыг үнэлэх, дэмжих аргаар нийгэм-экологийн уян хатан байдалд тулгуур болж болох захиргааны бодлогын талаарх тодорхой зөвлөмж боловсруулан гаргах. |
Нийтийн өмч ашиглалт болон нийгэм-экологийн уян хатан шинж чанарын онол зэрэг орчин үеийн онол, Монгол улсад болж буй өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйн бодлогын талаарх асуудалтай холбоотой судалгааны дүгнэлт, зөвлөмжийг Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам болон бусад холбогдох байгууллагад албан ёсоор танилцуулах. |
Холбоо барих хаяг
ГҮЙЦЭТГЭХ СУДЛААЧ: |
УДИРДАГЧ: |

![[?]](/web.cgi/moin_static193/mandal/img/moin-help.png)